Усанд унагасан iPhone-ийг цагаан будаан дотор хатаахгүй байхыг Apple зөвлөжээ
2024-06-10Усанд унагасан гар утсыг түүхий цагаан будаан дотор хийж хатаах нь хамгийн зөв гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Энэ нь будааны ширхгүүд ус чийгийг амархан шингээж авдаг гэж үздэгтэй холбоотой.
Тэгвэл энэ оны эхээр Apple компани хэрэглэгчдэд өгдөг стандарт зөвлөмжөө шинэчлэхдээ үүнийг үгүйсгэжээ.
iPhone-ий эх бие үндсэндээ усны хамгаалалттай байдаг бол ус нэвтэрч гэмтээх хамгийн магадлалтай хэсэг “Ligthning” буюу “USB-C” цэнэглэгч портууд юм.
Будааны жижиг хэлтэрхийнүүд iPhone-ий портууд руу чигжиж орсноор эвдэх, гэмтээх эрсдэлтэй тул ийм арга хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.
Мөн хөвөн арчдас, гал тогооны цаас, гарын цаас зэргээр портыг арчиж цэвэрлэх, үс хатаагч зэрэг дулааны эх үүсвэрээр үлээлгэх нь гар утсыг гэмтээх эрсдэлтэйг анхааруулжээ.
Apple компанийн зөвлөмжид норсон iPhone-той хэрхэн зөв харьцах хамгийн аюулгүй аргыг дараах байдлаар заасан байна.
iPhone XS, iPhone XS Max, iPhone XR загварууд болон тэдгээрээс хойш үйлдвэрлэгдсэн загварууд цэнэглэгч портууддаа шингэн мэдрэгчтэй болжээ. “Lightning” төрлийн порттой бол “Liquid has been detected in the Lightning Connector”, “USB-C” төрлийн порттой бол “Liquid Detected in USB-C Connector” гэсэн анхааруулга бичиг дэлгэц дээр гарна.
Хэрвээ iPhone-оо цэнэглэгчид залгахад дэлгэц дээр дээр ийм анхааруулга гарч ирвэл энэ нь порт болон цэнэглэгч кабель нойтон байгааг илтгэдэг ажээ.
- Энэ тохиолдолд цэнэглэгч кабелийн хоёр үзүүрийг адаптер болон iPhone-оос яаралтай салгах ёстой гэнэ.
- Дараа нь iPhone-оо портыг нь газар руу доош харуулсан байрлалаар алгандаа хавсарч, зөөлөн цохих замаар илүүдэл шингэнийг унагах хэрэгтэй.
- Үүний дараа агаар салхины урсгал сайтай хуурай газарт 30-аас дээш минутын хугацаанд тавьж, хатаах юм байна.
- Ингэсний дараа дахин цэнэглэгчид холбоно.
- Хэрвээ “Liquid Detected” анхааруулга хоёр дахь удаагаа дэлгэц дээр гарвал цэнэглэгчээс салгаад илүү урт буюу 24 цаг хүртэл хугацаагаар өмнөх шигээ хатаана.
- Үүний дараа цэнэглэхэд анхааруулга гурав дахь удаагаа гарч байвал кабелийг цэнэглэгчийн адаптераас, адаптерыг цахилгаан эх үүсвэрээс салгаад бүгдийг дахин буцааж холбоно.
- Хэрвээ ингэсний дараа цэнэглэхэд дахин анхааруулга гарч байвал iPhone-оо албан ёсны засварын газарт үзүүлэхийг Apple зөвлөжээ.
Эх сурвалж: Business Insider